2019 оны зургаадугаар сараас үндсэн замыг хаасан Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км замыг 2021 оны авто замын барилгын ажил эхлэх хүртэл түр нээгээд байгаа.
Иргэдийн дунд уг замыг дөрвөн эгнээтэй болгоод хөдөлгөөнийг нээж байгаа гэсэн ташаа ойлголт байгааг ЗТХЯ-ныхан хэлж байв.
Энэ талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаагаас тодруулахад “Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг шинэчлэн хоёр төсөл хэрэгжиж байгаа. Эхнийх нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй одоо хэрэгжиж байгаа төсөл бөгөөд уг төслийн хүрээнд 18 метр өргөнтэй хоёр эгнээ замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Дараагийн төсөл бол уг замыг дөрвөн эгнээ болгох Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл юм. Бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш 24 сарын хугацаатай үргэлжлэх төслийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсныг аравдугаар сарын 24-нд манай яам болон зөвлөх компанид мэдэгдсэн. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан компаниудтай уулзалт зохион байгуулаад байна. Энэ өвлийн хугацаанд нарийвчилсан байгаль орчны, карьерын, хэмжилтийн ажлуудаа хийж дуусгахаар ажиллаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 15-наас зам дээрээ гараад ажиллах бэлтгэлээ хангаж байна.
Тендерт БНХАУ-ын дөрөв, дотоодын нэг компани шалгарсан.
Төслийн хүрээнд 204.11 км замын 60 гаруй км-т нь суурин газар, орон зайн багтаамж муутай зэргээс шалтгаалан одоо баригдаж буй замын хоёр талд өргөсгөх байдлаар явах бол бусад 130 км замын баруун эсвэл зүүн талд хоёр эгнээ шинээр тавигдана” хэмээн тайлбарлалаа.