Австралийн Мельбурн хотод өнөөдрөөс зорчих хөдөлгөөний зарим хязгаарлалтыг цуцалснаар хотын оршин суугчид Викториа муждаа чөлөөтэй зорчих боломжтой болжээ. “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд Мельбурнд 112 хоногийн турш хязгаарлалт тогтоожээ.
Мөн Викториа мужийн засаг захиргаа Мельбурны оршин суугчдыг гэрээсээ 25 километрээс хол зорчихгүй байхыг хориглосон шийдвэрээ цуцалжээ. Үүний зэрэгцээ театр, галерей, музей зэрэг үзвэр үйлчилгээний газруудыг тодорхой хязгаарлалттайгаар нээхийг зөвшөөрсөн байна.
Энэ зун Мельбурнд өдөрт халдварын олон зуун тохиолдол бүртгэгдэж, Австралийн халдварын голомт болсонтой холбоотойгоор хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоосон юм. Хэдийгээр зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр зарим хүний шүүмжлэлд өртөж байсан боловч халдварын тохиолдлын тоо есдүгээр сарын сүүл гэхэд хоёр оронтой тоонд хүрч буурч, тухайн үеэс эрх баригчид хязгаарлалтуудыг сулруулж эхэлсэн юм.
Мельбурнд 10 дугаар сарын 29-нөөс хойш буюу сүүлийн 10 хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдол огт бүртгэгдээгүй байна. Мөн зэргэлдээ оршдог Шинэ Өмнөд Уэльст сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол шинээр илрээгүй гэж мэдээлжээ.
ABC