УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Уг хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн Л.Энх-Амгалан гишүүний саналыг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эдгээр бүтээгдэхүүний импорт эрхэлдэг компаниуд тодорхой үүрэг хүлээсэн цагт л энэ хуулийн төслийг дэмжинэ. Ямар ч үүрэг хүлээдэггүй, ХХААХҮЯ-ны үүдийг сахидаг, угжны хурга шиг болсон хэдэн компани байгаа. Үргэлж хөнгөлөлт, чөлөөлөлт авч байдаг.
Энэ хөнгөлөлтийг 70-80 компанийн хүрээнд л ярьж байгаа. Эх үүсвэрт нь 100 тэрбум төгрөг өгч байгаа юм байна. Ахиад дээрээс нь 16.5 хувийн хөнгөлөлт өгч байна.
Тиймээс иргэдийн гар дээр очиж байгаа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэгдэнэ гэсэн тохиолдолд л энэ хуулийн дэмжих ёстой. Ард түмний гар дээр будаа, ургамлын тос ямар үнээр очих вэ. Бид улсын төсвийн орлогоос 39 тэрбум төгрөг хасаад компанитай нөхдүүдэд өгөх гэж байна.
Бид 16.5 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэж байна. Тэгэхээр одоо зарж байгаа үнээс 16.5 хувиар бага үнээр иргэдийн гар дээр эдгээр бараа бүтээгдэхүүн очих ёстой. Гэтэл компаниуд хөнгөлүүлчихээд үнээ бууруулдаггүй.
Нөгөө талаас ААН-үүдийн 55 хувьд нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хэрэгтэй байна гэж байгаа. Эдгээр аж ахуйн нэгж, компаниудын асуудлыг нэг мөсөн ярьмаар байна. ААН-үүдээ алагчлалгүйгээр татварын бодлогоор дэмжих хэрэгтэй.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Энэ хөнгөлөлтөд 80 орчим компани хамрагдана. Үнэ өсгөхгүй байх чиглэлд анхаарна. Хуулийн гол ач холбогдол нь хүнсний нөөцийг бүрдүүлэх юм.