Италийн компани хатагтай нарт зориулж, 7 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн хамгийн үнэтэй цүнх урласнаа зарлажээ.
Болонья хотын “Boarini Milanesi” компанийн “Parva Mea” цувралын энэхүү шинэ цүнх нь ногоон туяатай усан цэнхэр өнгөтэй, хагас гялтгар болгож боловсруулсан, аллигатор матрын арьсаар хийсэн бөгөөд 10 цагаан алтан эрвээхийгээр чимэглэсний дөрөвт нь очир эрдэнэ, гуравт нь нийлээд 130 гаруй каратын жинтэй, индранил болон ховор төрлийн үнэт чулуу болох парайба турмалин шигтгэжээ.
Компанийг үүсгэн байгуулагчдын нэг Маттео Родолфо Миланесегийн хэлснээр гар цүнхийг тэрбээр өсвөр насандаа алдсан аавдаа зориулжээ. Цүнхний загварыг гаргахдаа байгаль орчныг хамгаалахад олны анхаарлыг хандуулах зорилгоор далай тэнгисээс санаа авсан байна.
Нийтдээ гурван ийм цүнх урлах бөгөөд зарагдсаных нь дараа тус бүрээс 950 мянган ам.долларыг далай тэнгист хөглөрч буй асар их хуванцар хогийг цэвэрлэх ажилд хандивлахаар төлөвлөжээ.
Дизайнер Каролина Боаринигийн хэлснээр чулууны сонголт ч бас далайтай холбоотой аж. “Цэнхэр индранил нь далайн гүнийг, турмалинууд нь бохирдоогүй Карибын тэнгисийг, харин очир эрдэнэс нь бороо болон унах тунгалаг усыг бидэнд санагдуулдаг” гэж тэрбээр хэлсэн байна.
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдсэн хамгийн үнэтэй цүнх бол “Mouawad 1001 Nights Diamond Purse” юм . Энэ цүнхийг урлахад мэргэжлийн 10 уран дархан 8800 цагийг зарцуулжээ. Зүрх хэлбэртэй энэхүү цүнхэнд 18 каратын алт, 56 ширхэг ягаан өнгийн очир эрдэнэ, 105 ширхэг шар өнгийн очир эрдэнэ болон 4356 ширхэг тунгалаг алмааз шигтгэжээ. Цүнхэнд орсон нийт очир эрдэнийг нийлүүлбэл 381.92 карат болох бөгөөд 3.8 сая ам.доллароор үнэлэгджээ.