Америкийн “United Airlines” агаарын тээврийн компани “Pfizer” компанийн вакциныг АНУ, Европын агуулахуудад хүргэж эхлээд байна. Зохих байгууллагаас тус вакциныг хэрэглэх зөвшөөрөл олговол ард иргэдийг вакцинжуулалтад аль болох хурдан хамруулж, хугацаа хэмнэх зорилгоор тийнхүү хүргэлтийн ажлыг эхлүүлээд байгаа аж.
Одоогоор Америкийн Мичиган муж улсад болон Бельги дэх агуулахуудад вакцин нийлүүлээд байгаа бол удахгүй Висконсин муж улс болон Герман руу нийлүүлэлт хийх төлөвтэй байна.
Вакциныг нийлүүлэхийн өмнө “United Airlines” агаарын тээврийн компани Холбооны нисэхийн ерөнхий газраас 6.8 тонн хуурай мөс тээвэрлэх зөвшөөрөл хүсжээ. Ингэх нь вакциныг аюулгүй хадгалахын тулд нисэх онгоцны температурыг бага байлгах зорилготой аж. Тийнхүү Холбооны нисэхийн ерөнхий газар зохих зөвшөөрлийг олгосон байна.
Америкийн “Pfizer” компани болон түүний герман түнш “BioNTech” компанийн коронавирусний вакциныг бүртгэн авахыг хүсэлтийг АНУ-ын Хүнс, эмийн бүтээгдэхүүний чанарын хяналтын газар руу өнгөрсөн долоо хоногт явуулжээ. Хяналтын газрын мэргэжилтнүүд хүсэлтийг судалж үзсэний дараа бие даасан шинжээчдийн бүрэлдэхүүн судална. Вакцин хэрэглэх зөвшөөрөл олгосноос хойш хэдхэн цагийн дотор вакцинаа тарааж эхлэхэд бэлэн буйгаа хоёр компани өмнө нь мэдэгджээ.