Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотой 12 дугаар сарын нэгний өдөр хүртэл тогтоосон хатуу хөл хорионы улмаас улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүд 152.9 мянган ажлын байр цөөлснийг МҮХАҮТ-ын судалгаанд дурджээ.
Хатуу хөл хориог 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг сараар сунгахад 432.6 мянга, гуравдугаар сарын нэгэн хүртэл сунгахад 505 мянган ажлын байр цөөлөх төлөвтэй байна.
Нийт аж ахуйн нэгжүүдийн 66 хувь нь бүрэн зогссон бөгөөд 53 хувь нь одоо байгаа нөөц бололцоогоороо ажлын байраа нэг сараас илүү хугацаанд хадгалж чадахгүй гэжээ.
Энэ үед аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай байгаа дэмжлэгийг эрэмбэлбэл
-Татвар, НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт
-Бизнесийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр үргэлжлүүлэх боломж олгох,
-Зээлийн хүүг бууруулах,
-Төрөөс аж ахуйн нэгжийн түрээсийн зардлыг санхүүжүүлэх, хөнгөлөх зэрэг саналууд хамгийн их гаргажээ.
Мөн МҮХАҮТ-ын зүгээс аж ахуйн нэгжүүдийг ажлын байраа хадгалахад нь чиглэсэн дэмжлэг үзүүлэх, хохирол амссан бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Үүний өмнө “АМЧАМ Монгол”-оос Засгийн газарт хандан зөвлөмж гаргасан юм. Тэрхүү зөвлөмжид Бизнесийн бүх аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар болон НӨАТ-аас 2021 оны долоодугаар сарын нэгний өдөр хүртэл чөлөөлөх санал багтжээ.
Одоогоор Засгийн газрын зарлаад буй 23 арга хэмжээнд НДШ, Татвараас чөлөөлөх заалт багтаагүй байгаа юм.