АНУ-ын Өвчин судлалын төвөөс хүн хоорондын зай барьснаар нэг өдөрт халдвар тарааж болох хүний тоог 75 хувиар бууруулна гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс иргэдийг хүн хоорондын зай барих, хэрвээ боломжгүй нөхцөлд дотоод гадаад орчинд амны хаалт зайлшгүй зүүж байхыг ЭМЯ-наас зөвлөлөө.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ, “Зай барих нь амны хаалт зүүхтэй адил коронавирусээс сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг дэлхий дахинд баталсан. Тиймээс дотоодын халдвар гарсан орнуудад зай барих аргыг хүн бүр хэрэгжүүлэх хэрэгтэй. Коронавирусээр халдварласан хүн хэрвээ зай бариагүй тохиолдолд дэлхий дахинд 2.5-4 хүнд халдвар тарааж байгаа бол манай улсын хувьд 6-8 хүнд тарааж байгаа. Бид хэдийгээр өргөн уудам нутагтай, хүн ам шигүү ч гэсэн бие биетэйгээ ойрхон харилцдаг арга барил, зан үйлтэй. Тухайлбал, халдвартай хүн 6 хүнтэй ойрын зайнаас харилцахад 30 хоногийн дараа 2400 хүн цаашлаад 3200 хүн халдварлах магадлалтай байна. Тиймээс бие биетэйгээ ойрын зайнаас харилцахгүй байх, ялангуяа 1.5-2 метр зайг хүн бүр баримтлах хэрэгтэй” гэв.