Олон улсын парламентын холбооноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж манай улсад хэрэг үүсгэсэн талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд “Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг манай дэд хороо хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Бүрэн эрх нь хадгалагдаж байгаа УИХ-ын гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооноос дэвших эрхээ авсан байхад нь түүнийг баривчилсан. Бид энэ асуудлаар прокурор, хууль хяналтын байгууллагуудад хандсан. Хариу нь ирж гүйцээгүй байна. Бид гишүүний болоод нэр дэвшигчийн халдашгүй байдал нь зөрчигдсөн байна гэж үзэж байна. Энэ талаар бид албан ёсоор байр сууриа илэрхийлсэн.
ОУПХ парламентчдын эрх зөрчигдөж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж, хэрэг үүсгэж, шалгадаг журмын дагуу гэр бүл, өмгөөлөгч, манай намын зүгээс санал явуулсны үндсэн дээр ийнхүү хэрэг үүсгээд байна. ОУПХ улс орны парламентчдын эрх зөрчигдөж буй асуудлаар ийнхүү хэрэг үүсгэдэг. Хэрэв Ж.Эрдэнэбатын эрх нь зөрчигдсөн нь нотлогдвол манай улсад таатай асуудал биш” гэдгийг хэллээ.
ОУПХ өмнө нь С.Зоригийг хөнөөсөн асуудлаар хэрэг үүсгэж байсан бөгөөд энэ нь манай улсад үүсгэж байгаа хоёр дахь хэрэг юм байна.