ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны газрын дарга А.Амбасэлмаа:
Өчигдөр нийт 10599 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Эдгээрийн гурав нь батлагдсан тохиолдлын 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Харин нөгөө хоёр хүн нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүс байна.
Эмнэлэгт хэвтэх үедээ түргэвчилсэн шинжилгээ сөрөг гарч байсан ч 4-5 дахь шинжилгээгээр коронавирус илэрсэн.
Тэгэхээр нууц үедээ эмнэлэгт хэвтсэн байна. Коронавируст халдварын дэгдэлтийн дараагаар эх уурхай нь тодорхойгүй өвчлөл энд тэндээс өвчлөл гарах тохиолдлууд байдаг.
–Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан хоёр хүнээс халдвар илэрлээ. Эдгээр хүмүүсийн хавьтлыг илрүүлэх ажил хэр өрнөж байна вэ?
-Тухайн иргэд B корпуст эмчлэгдэж байсан. Нэг хүн нь арванхоёрдугаар сарын 9-нд хэвтсэн байна. Тэрээр энэ сарын 15-нд эмнэлгээс гарсан. Бид араас нь хөөж, тусгаарлаж хавьтлыг нь судалж байна. Нөгөө хүн нь арванхоёрдугаар сарын 11-нд тус эмнэлэгт хэвтээд, тэндээ байсан. Арванхоёрдугаар сарын 16-нд халуурч биеийн байдал нь муудсан учир давтан шинжилгээ авсан.
Уг хоёр хүний явсан маршрутын тухайд нэг хүн нь гэртээ өвөөтэйгөө амьдардаг. Гадуур их яваагүй. Бүх явсан газрыг Цагдаа, Тагнуулын байгууллагатай хүч хавсран тодорхойлж буй. Нөгөө тохиолдлын хүн нь эмнэлгээсээ гараагүй байна.
Эдгээр хүмүүсийн эхний хавьтлын 69 хүнийг тусгаарласан. Мөн дараачийн дам хавьтал болох 200 гаруй хүнийг тусгаарласан. Эрсдэл өндөртэй хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлана. Агаар дуслын замаар дамждаг, цар тахал тийм амархан намжихгүй.