Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусний халдварын голомтод ажиллаж буй төрийн албан хаагчдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон бусад зардалд зориулж 1.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.
Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс тусгаарлах байранд байгаа иргэдийн байр хоолны мөнгө, тусгаарлах байранд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын байр, хоолны зардлыг шийдвэрлэж, төв, орон нутгийн халдварын голомтын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа Олон нийтийн цагдаагийн 212 алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох аж. Мөн ШӨХТГ-ын албан хаагчдын илүү цагийн хөлс, хамгаалах хэрэгсэл, хувцастай холбоотой зарлын асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр, “Засгийн газар дотоодод коронавирус тархснаас хойш нийт 4 тогтоолоор 20.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, голомтод ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах, эрүүл мэндийн болон төрийн тусгай албаны байгууллагуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлтэд зарцуулж байна” хэмээв.