Монголчуудын амьдрал ахуйг харуулсан Cinelou Films-ын бүтээл \”Burn Your Maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн юм. Киноны нээлтэнд Канад Улсын Калгари хотод суугаа Монгол Улсын өргөмжит консул П.Валлис болон кино зурганд оролцсон Алберта мужид амьдарч буй монголчууд оролцож хүрэлцэн ирсэн үзэгчдэд монгол ая дуу, үндэсний хөгжим эгшиглүүлж сонирхуулсан байна.
Жил бүр 40 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн 200 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил үзэгчдийн шилдэг шагналын төрөлд \”Burn Your Maps” кино өрсөлдөж \”үзэгчдийн шилдэг зохиол” шагналыг хүртлээ.
\”Burn Your Maps” кино нь нэгэн америк гэр бүлийн тухай гарах бөгөөд тус гэр бүл нь зургаан сартай нэг охиноо алдчихсан, сэтгэл зүйчийн тусламж авах хүртлээ харилцаа нь хөндийрчихсэн хүмүүс аж. Харин энэхүү гэр бүлийн найман настай хүү Вэс /жүжигчин Жэйкоб Трэмблэй/ өөрийгөө харийн газар төөрж төрсөн Ганзориг хэмээх Монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай тус кинонд өгүүлдэг байна.