Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан коронавирусний халдварын голомт бүрэн хумигдсаныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлээд сэтгүүлчийн асуултад хариулав.
Тус эмнэлэгт өнгөрсөн 12 дугаар сарын 16-нд халдварын голомтын анхны тохиолдол бүртгэгдэж, эндээс халдвар авсан эмнэлгийн ажилтан, өвчтөн, хэвтээд гарсан хүмүүстэй холбоотой голомтыг хяналтад авчээ.
Харин халдвар гинжин хэлхээгээр явдаг учир гэр бүлийн 2 дахь, 3 дахь халдвар үргэлжилж байгаа. Энэ голомтын дам харилцагчаас өнөөдөр 2 хүний шинжилгээ эерэг гарсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт гарсан голомтолсон халдварын 326 тохиолдолоос 30 гаруй нь эмнэлгийн ажилтан аж.
-Тэтгэвэрт гарсан эмч, мэргэжилтэнг бэлэн байдалд байх мэдээлэл өгсөн нь үнэн үү?
-Цар тахлын үед хүний нөөцөө бүрдүүлэх, дайчлан ажиллуулах төлөвлөгөөний дагуу эмнэлгийн байгууллага, анагаах төгссөн оюутан, эмч ажилтнаа нөөцөд байлгана. Тангараг өргөсөн эмч нар ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.
-Халдвар авсан иргэнтэй ойр харилцсан хүнийг тусгаарлаад эхний шинжилгээ сөрөг гарсан ч дунд нь шинжилгээ авахад тусгаарлах байрнаас халдвар авсан гомдол бий. Тусгаарлалтад байгаа хүн халдвар авахгүй байх нөхцөл бүрдүүлсэн үү?
-Коронавирус хүний биед ороод тодорхой нууц үе өнгөрдөг. Халдварын нууц үеийн хугацаа 1-14 бол өнгөрсөн хугацаанд Монголд 1-7 хоногт илэрч байна. Халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хугацаанд эрүүл хүн шиг байна. Халдвартай иргэнтэй ойр харилцсан хүний 81 хувь нь эхний шинжилгээгээр, 10 гаруй хувь нь 2 дахь, 3-4 хувь нь 3 дахь шинжилгээгээр илэрч байна. Эхний шинжилгээг 24 цагт, 2 дахийг 7 хоногт, 3 дахь жиншилгээг 14 хоногт авч байгаа. Ажиглан тусгаарлах байранд хүмүүсийг нэг нэгээр тусгаарладаг. Хүүхэдтэй, өвчтэй болон ам бүлийг гэр бүлээр нь тусгаарлаж байгаа.