ОХУ-ын зарим эрх баригчид Казахстаны хойд бүс нутгийг эргүүлэн авна гэж заналхийлсний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев казахуудыг дайнд бэлэн байхыг уриалжээ.
ОХУ-ын Төрийн Дум дахь Боловсрол, шинжлэх ухааны хорооны дарга Вячеслав Никонов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд Оросын төрийн телевизээр Казахстан улс урьд өмнө нь оршин тогтнож байгаагүй хэмээн ярьжээ. Тэрээр “Хойд Казахстанд огт хүн амьдардаггүй байсан. Казах үндэстэн угсаатнууд оршин тогтнодог байсан хэдий ч бүр өмнө зүгт амьдардаг байсан. Казахстаны газар нутаг бол Орос, Зөвлөлт Холбоот Улсын зүгээс өгсөн том бэлэг юм” гэж хэлсэн байна.
Түүнийг ийнхүү ярьснаас хойш удалгүй ОХУ-ын Патриот хөдөлгөөний идэвхтэн Москва дахь Казахстаны ЭСЯ-ны ойролцоо “Хойд Казахстан бол Оросын газар нутаг” гэсэн тэмдэг байрлуулсан аж.
Үүнээс хэдэн өдрийн дараа Төрийн Думын өөр нэг гишүүн Евгений Фёдоров “Казахстан газар нутгаа Зөвлөлт Холбоот Улсаас түрээсэлсэн” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн Оросын хууль тогтоогчдыг “Нутаг дэвсгэрээ эргүүлэн авах”, “1991 онд гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох” асуудлыг судалж үзэхийг уриалжээ.
Эдгээр үг Казахстаны иргэдийн уур бухимдлыг ихээр хүргэн, Ерөнхийлөгч Токаев энэ сарын 5-нд “Тусгаар тогтнол хамгаас эрхэм” нэртэй нийтлэлээ олон нийтэд дэлгэн, Москвад хэд хэдэн чухал дохио илгээсэн юм. Тэрээр “Энэ том газар нутгийг гаднаас хэн ч казах хүмүүст бэлэг болгон өгөөгүй. Тэд юу ч гэж хэлсэн бид хоёр талт гэрээгээр байгуулагдсан, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаартай бөгөөд үүнд хэн ч эргэлзэхгүй байж болно” хэмээн бичжээ.
Токаев мөн Казахстан улсын түүх Оросуудын бодож байгаа шиг 1991 оноос эхлээгүй, харин нэлээд эрт цагаас эхэлсэн гэдгийг онцолсон байна. Гэвч түүний нийтлэлийн хамгийн чухал хэсэг бол Казахстаны ард түмнийг “Улс орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад юугаа ч золиослоход бэлэн байгаарай” гэсэн уриалга байв.
Эх сурвалж: Kavkazcenter.com, Radio Free Europe/Radio Liberty