Геленжик дэх “Путины ордон” гэгдэж буй байгууламж ОХУ-ын Ерөнхийлөгч Путины дотны найз, тэрбумтан Аркадий Ротенбергэд харьяалагддаг хэмээн DW дамжууллаа. Энэ талаар бизнесмен энэ сарын 30-нд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Аркадий Ротенберг тус барилгыг хэдэн жилийн өмнө худалдан авсан боловч тухайн үед энэ талаар хэвлэлд ямар ч мэдээлэл цацагдаж байгаагүй юм. Тус барилгыг Ерөнхийлөгч Путинтэй холбон хэвлэлээр хуурамч мэдээлэл цацагдаж байгаа учир үнэн мөнийг нь зарлахыг хүссэн гэж Аркадий Ротенберг ярилцлагадаа хэлжээ.
Бизнес эрхлэгч нэмж хэлэхдээ Крымийн хойгийн нутаг дэвсгэр, Алс Дорнод, Алтай зэрэг ОХУ-д томоохон бүс нутгуудад ижил төстэй байгууламжууд бий гэв.
Эргэн сануулахад ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Германаас эх орондоо буцаж ирсний дараа шинэ баримтат киногоо олон нийтэд цацсан бөгөөд тус кинонд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тансаг ордон болон түүнийг тойрон хүрээлэгчдийн авлигын схемийн талаарх дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг юм.