Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Онцгой байдлын ерөнхий газар ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр Сэлэнгэ аймгаас холбогдох мэдээллийг танилцуулсан бөгөөд “Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь уул уурхайн компани өчигдөр ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн.
Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 02:00 цаг гарч, батлагдсан. Иймд аймгийн онцгой комиссын төлөөлөл газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн” гэлээ.