“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгууль”-ийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргаар ажиллах болсон тул нөхөн сонгууль явагдах юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг ээлжит бус, нөхөн сонгууль товлон зарласнаас хойш 50 хоногийн дараагаас эхлэн сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байршуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг өөрийн цахим хуудсанд байршууллаа.
Та http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч регистрийн дугаараа оруулж, өөрт холбогдох мэдээллээ шалгах бөгөөд хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах утас 1800-1890 болон Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 7722-1890 дугаарт холбогдож лавлахыг зөвлөж байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргахыг анхаарна уу.