Туркт “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ирэх гуравдугаар сараас үе шаттайгаар сулруулна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гарагт мэдэгдэв.
“Бид Эрүүл мэндийн яамнаас тогтоосон шалгуурын дагуу мужуудаа дөрвөн хэсэгт ангилж, ирэх гуравдугаар сараас улс орноо хэвийн голдиролд нь оруулах үйл явцыг үе шаттайгаар эхлүүлнэ” гэж Р.Эрдоган Засгийн газрын хуралдааны дараа мэдэгджээ.
Түүний мэдээлснээр, мужуудыг халдварын үзүүлэлтүүд, вакцинжуулалтын түвшнийг нь харгалзан бага, дунд, өндөр, маш өндөр эрсдэлтэй гэж ангилах ажээ. Туркт хамгийн сүүлийн мэдээллээр “COVID-19”-ийн 5.7 сая тун вакциныг тарьсан байна.
Туркт цар тахал дэгдсэнээс хойш 2.6 сая хүн халдвар авч, 27738 хүн нас баржээ. “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг нэгдүгээр сарын 14-нөөс эхлүүлсэн тус улсад эмнэлгийн ажилтнуудыг эхний ээлжид хамруулж, олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд өндөр албан тушаалтнууд вакцин хийлгэжээ.
Туркт өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн халдварын тархалтыг хязгаарлахын тулд ажлын өдрүүдэд шөнийн цагаар, амралтын өдрүүдэд өдрийн турш хөл хорио тогтоож байгаа юм.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар 109.77 сая хүн коронавирусээр халдварлаж, 61.73 сая хүн эдгэрч, 2.42 сая хүн нас баржээ.