Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулан УИХ-ын Хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй. Олон нийтээс санал авахаар яамны вэб сайтад хуулийн төслийг байршуулсан байна.
Одоо мөрдөгдөж буй Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар зааж, хувь хүнийг тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэрхэх талаар энэ хуульд тусгаагүй байсан. Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон.
Ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Тиймээс технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа өнөө үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслийн зарим заалтын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сошиалд мэдээлжээ.
Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд царай таних камерыг хориглож байгаа. Мөн албан байгууллага, дэлгүүр хүний биометрик мэдээллийг замбараагүй цуглуулж байгааг хязгаарлана” гэсэн байна.