Баянхонгор аймгийн хэмжээнд энэ онд дөрвөн сая шахам мал өвөлжиж, хаваржиж байна. Зуншлага тааруу байснаас өвөлжилт хүндэрч, хангайд цагаан зуд, говийн бүсэд харын зуд нүүрлээд байгаа бөгөөд цагийн хүндрэлээс шалтгаалж он гарсаар аймгийн хэмжээнд 220 мал хорогджээ.
Бусад аймагт отроор яваа малчдыг Засгийн газрын шийдвэрээр дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл тухайн оторлож байгаа нутагт нь байлгахаар тогтсон. Гэтэл малын тамир тэнхээ муудсан, мөн мал төллөж байгаа, төл хөрвөжөөгүй үeд отор нүүдэл хийх боломж нөхцөл хомс байгааг малчид хэлж байна.
Тиймээс Засгийн газраас отор нүүдэлтэй холбоотой шийдвэрээ тавдугаар сарын 15 болгож, арьс шир, ноос, ноолуурын урамшууллын мөнгийг урьдчилж өгөх асуудлыг судалж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.