Мьянмарын цэргийнхний эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг чангатгаж, тэдний дэглэмийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг тус улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Кьяу Мо Тун олон улсад уриаллаа. Тэрбээр “NHK” сувагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү мэдэгджээ.
Кьяу Мо Тун НҮБ-д суугаа Элчин сайдаар ажиллаж байгаа боловч цэргийнхэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр өөрсдийг нь зэмлэн буруушаасан мэдэгдэл хийснийх нь дараа түүнийг албан тушаалаас нь огцруулж буйгаа мэдэгджээ. Мөн тэрбээр эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдан баривчлагдахад хүрээд байгаа аж.
“Олон улс Мьянмарын цэргийнхний эсрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч, “уялдаа холбоотой, нүдээ олсон, чанга хатуу” хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж Кьяу Мо Тун мэдэгджээ.
Харин Мьянмарын төрийн мэдлийн телевиз Зэвсэгт хүчний удирдагч, генерал Мин Аун Хлаины хэлсэн үгийг эш татан, улс орноо гадаадын аюул заналаас хамгаалах ёстой хэмээн мэдээлж байгаа ажээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ долоо хоногийн бямба гарагт тохиох цэргийн тэмдэглэлт өдрөөр жагсаал цуглааныг таслан зогсоох томоохон ажиллагаа явагдаж болзошгүй байна.
Мьянмарын хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 247-д хүрчээ.