БНАСАУ буюу Хойд Солонгос өнөөдөр Токиогийн олимпод оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдсэн нь спортын ертөнцийн нэгэн дуулиан байлаа. Шалтгаан нь тамирчдаа коронавирусний халдвараас хамгаалах.
Хойд Солонгосын Засгийн газар өмнө нь 2 удаа олимпын наадмыг бойкотлож байлаа. 1984 оны Лос-Анжелесийн олимпод тэд ЗХУ ахынхаа заавраар оролцоогүй. Афганистанд Зөвлөлт улс цэргээ оруулсныг эсэргүүцэн 1980 оны Москвагийн олимпод АНУ тэргүүтэй Барууны орнууд оролцоогүй. Үүний хариу арга хэмжээ болгон ЗХУ-ын социалист дүү нар Лос-Анжелест очоогүй. Монгол улс ч бас тэдний эгнээнд байлаа.
Харин 1988 оны Сөүлийн олимп Хоёр Солонгосын эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох ёстой байлаа. Гэвч 1987 онд Хойд Солонгосын тагнуул БНСУ-ын иргэний онгоцыг дэлбэлэн сөнөөсөн хэрэг гарч, хоёр улсын харилцаа хурцдан, эцэст нь Хойд Солонгос Сөүлийн олимпод оролцохгүй байх шийдвэр гаргасан юм.
Хойд Солонгосын үндэсний шигшээ баг 1964 оны Инсбрукийн өвлийн наадмаас эхлэн оролцсон. Харин Зуны олимпод 1972 оны Мюнхений наадамд анх оролцож байлаа. Анхны хоёр олимпдоо хоёуланд нь медаль авч байв. Тус улсын тамирчид олимпоос нийт 56 медаль (16 алт, 17 мөнгө, 23 хүрэл медаль) авсан юм.