Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Болор-Эрдэнэ КОВИД-19 туссан хүмүүсийг хэрхэн эмчилж байгаа талаарх мэдээллийг өгөв.
Тэрбээр “Өчигдрийн байдлаар манайх 10 хүн эмчилж байгаа. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүс хүндрэх нь амархан байна. Түүнчлэн залуу хүмүүс ч бас хүндрэх тохиолдол гарсаар байгаа. Хорио цээрийн үед гэртээ байх нь хамгийн чухал. Зайлшгүй гарах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй.
Олон эрхтний дутагдалтай өвчтөнүүд ирж байгаа учраас тусгай мэргэжлийн сувилагч нар ажиллаж байгаа. Иргэд ихэвчлэн хоёр уушгины хатгалгаагаар хүндэрч ирж байна. Энэ нь амьсгалын дутагдлын маш хүнд хэлбэр. Тамхи татдаггүй, залуу хүмүүс хүндэрсэн тохиолдол ч мөн олон байна.
НЭГ СУВИЛАГЧ НЭГ ӨВЧТӨНИЙГ ТАВААС ДОЛООН ЦАГ САХИДАГ
Хүний дархлаа тогтолцоо өөр учраас энэ хүн хүндэрнэ гэж үзэх боломжгүй. Ямар ч хүн хүндэрч болно. Нэг сувилагч нэг өвчтөнийг таваас долоон цаг сахидаг.
Хөгжингүй орнуудад хэрэглэгдэж байгаа тодорхой судалгаагаар үр дүн өгсөн эмүүдийг бид хэрэглэж байгаа. Өөрт тань зовуурь илэрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зовуурь илэрсэн байхад гэртээ өөрийгөө эмчилнэ гээд янз бүрийн эм ууж болохгүй.Хэрвээ танд зовуурь илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага харьцангуй сайн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна.
Нас барах эрсдэл их өндөр байна. Халдвар авахгүй, тархаахгүй байх нь их чухал. Ингэж байж хайртай хүмүүсээ хамгаална” гэлээ.