Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах санаачилга гаргаж, Улсын Дээд шүүхэд энэ талаарх захирамжийг илгээснээ зарлаад байна. Түүний энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор хуульчид байр сууриа илэрхийлж эхэлсэн. Учир нь Ерөнхийлөгчийн захирамж хуульд нийцэж байх ёстой бөгөөд түүний саналаар улс төрийн намыг тараадаггүй гэдгийг маш олон хүн илэрхийлж байна. Тэгвэл хуульчид түүний энэхүү үйлдлийг төрд тэрсэлсэн үйлдэл гэж тодорхойлоод импичмент үзүүлэх нөхцөл үүслээ хэмээн дүгнэж байгаа юм.
Энэ тухайд УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү твиттер хуудастаа “Шуудхан хэлье. Ерөнхийлөгчийн өнөөдрийн энэ үйлдэл Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл боллоо. Харин тухайн үед иргэнийхээ хувиар Дээд шүүхэд хандсан бол ядаж Хүүкийг намын даргаас салгах, Ерөнхий сайдаас нь огцруулах боломж байсан” гэжээ.