Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо 24.195 хүрлээ.
Мөн хугацаанд ковидоор өвчилсөн, нэн хүнд оноштэй эмчлүүлж байсан хоёр хүн нас барж, ковидын шалтгаант нас баралт 51 боллоо. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлууд Улаанбаатарт 1214, орон нутагт 94 бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 3520 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
- Хөнгөн – 2278 (64.7%)
- Хүндэвтэр – 926 (26.3)
- Хүнд – 253 (7.2%)
- Маш хүнд – 63 (1.8%)
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Та бүхэн анзаарч байгаа бол сүүлийн нэг сарын хугацаанд хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийн тоо тогтмол нэмэгдэж, хөнгөн өвчтөний тоо багасч байгаа. Өмнө нь зөвхөн ахмад насныханд халдвар хүндээр тусаж байсан бол сүүлийн үед залуу, идэр насныхны биеийн байдал хүндэрч, хүнд болон маш хүнд өвчтөний тоонд шилжиж байна. Би залуу юм чинь энэ өвчин гайгүй гэж бодож болохгүй. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа өвчтөний тоо 20 хоногийн өмнө 5 дотор багтдаг байдаг байсан бол өнөөдөр 60 гарсан байна” гэдгийг онцлон анхаарууллаа.