Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс буюу маргаашаас үргэлжлүүлэхээр болжээ. Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.
Хоёр дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэнэ.
Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллана.
Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээлэх болно гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Дашрамд дурдахад өчигдөр орой Ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцинаас 50.400 хүн тун татан авсан бол өнөө орой БНХАУ-аас худалдан авч байгаа Синофармын Вероселл вакцинаас 600 мянган тунг хүлээн авах ажээ. Иймд маргаашаас вакцинжуулалтыг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.