Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 11 цагт эхэлж, цаг үеийн мэдээлэл сонслоо.
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авна хэмээн УОК-ын дарга С.Амарсайхан мэдээллээ.
10 хоногийн хугацаанд барьсан энэ барилга ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлгүүдэд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж байлаа.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн 38,3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөцтэй байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгаа аж.
Мөн Эрүүл мэндийн яамаас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 18 эрүүл мэндийн байгууллагад 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлөгч аппарат хуваарилан олгож, хүчилтөрөгчийн нөөцийн хангалт өнөөдрийн байдлаар 86,4 хувьтай байна. Есөн дүүрэгт хүчилтөрөгчийн шугам сүлжээг бий болгож, 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулгадаа дурдсан.