Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан дараах саналыг илэрхийлсэн юм.
Тэрээр “Гуравдугаар цахилгаан станцад тавдугаар эх үүсвэрийг барина гэж байна. Бусад эх үүсвэрүүдээ бодох хэрэгтэй. Дараагийн эх үүсвэрүүдээ аль болох хотын зах руу баримаар байна. Байгаа эх үүсвэрүүдээ өргөтгөсөөр байвал хотын төвлөрөл, дэд бүтцийн асуудлуудаас салахгүй.
Богд хан төмөр замтай холбоотой асуудлаар Багахангай дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ажилласан. Богд хан төмөр замыг төлөвлөхдөө шууд Мааньтаар биш Багахангайгаар дайрч, төвлөрөх асуудалд анхаарах хэрэгтэй. Багануур, Багахангай дүүрэг төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хүн ам төвлөрсөн суурьшил бий болсон хот тосгон байхад түүнийг тойруулаад шууд Мааньт руу төмөр замыг татдаг нь буруу. Магадгүй зардал, техникийн хүндрэлтэй байж болно. Гэхдээ бидний зорилго бол хүн амдаа дэд бүтцийг хүргэх. Энэ зорилгоосоо ухарч болохгүй. Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь зөв” гэлээ.