Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж гэр хорооллыг хөгжүүлэх зургаан дэд төвийн төслийн хэрэгжилтийн үйл ажиллагаатай танилц лаа. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын төвд байрлалтай зарим төрийн байгууллагуудыг гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг түшиглэн хотын төвөөс гаргаж, хэт бөөгнөрөл, түгжрэлийг шийднэ гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хотын дарга Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж, зургаан дэд төв ашиглалтад орсноор төрийн ямар байгууллагуудыг хотын зах руу шилжүүлэх төлөвлөлт гаргаж, Засгийн газрын хуралдаанаар танилцуулаарай. Хотын төвд төрийн байгууллагын оффис барихгүй байх бодлого баримталж, хотын зах руу гарахад нь дэмжиж ажиллаарай. Тухайлбал, Дээд шүүх шинэ барилга барих зайлшгүй шаардлагатай байгаа. Дээд шүүхийн шинэ байрыг зургаан дэд төвийн аль нэгэнд барих хэрэгтэй. Мөн Барилга, хот байгуулалтын яам хотын зах руу гарна гэж байгаа. Бусад төрийн байгууллагуудаа уриалаад түргэн гарах хэрэгтэй.
2024 он хүртэл хотын төвд шинээр барилга барихыг, бариулахыг дэмжихгүй. Түүнчлэн оффисын байрыг гаргахаас наана тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын гэрийг хотхон хэлбэрээр барьж байгуулах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал бид ипотекийн зээлтэй холбоод өгч болно. Мөн хувийн хэвшилтэй хамтарсан түншлэлийн уулзалт хийх хэрэгтэй. Ингэснээр гэр хорооллын газар үнэд орж, эдийн засгийн эргэлтэд орно. Цаашлаад гэр хороолол хаус хороолол болно. Бусад хот 5-6 гол замтай бол манайх ганцхан төв замтай. Тиймээс зөвхөн ганц дам дагасан төвлөрөлтэй болохоор түгжрэхээс аргагүй байна. Үүн дээр Засгийн газар оролцоно” гэв