Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,653 шинжилгээ хийх явцад 1,622 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 72,104 болж байгаа. 1,622 тохиолдлын 1,591 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- 1,100 нь Улаанбаатар хотод
- 491 нь орон нутагт бүртгэгдлээ.
Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрсэн.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр буюу халдвар бүртгэгдсэн 20 аймгийн 19-д нь шинээр халдвар бүртгэгдлээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Сүүлийн 24 цагт 684 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,253 боллоо.
Халдварын улмаас 7,498 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн – 4,725
- Хүндэвтэр – 2,012
- Хүнд – 623
- Маш хүнд – 138 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,988 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 44-82 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.