УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийг тангараг өргүүлэх тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг зургадугаар сарын 25-ны 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргүүлэхээр тогтоолын төслийг дэмжив. Тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор тангараг өргөнө гэж хуульд заасан. 9-нд санал хураалт болсон. Өнөөдөр СЕХ сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлсэн. Байнгын хороо өнөөдөр бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг дэмжлээ. Үдээс хойш нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.