“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) “Бүдокан” ордонд эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Косовогийн Красники, Монголын М.Уранцэцэг, Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед гэсэн шилдэг дөрвөн бөх хагас шигшээд шалгаран үлдэж, халз үзэлцлээ.
Японы Фүна Тонаки, Украины Дарья Белодед нар нэлээд удаан барилдсаны эцэст украин охин даралтаар ялагдсан юм. Цар тахлын улмаас олимп нэг жилээр хойшлогдсоны горыг ийнхүү Дарья амслаа. Хэрэв наадам цагтаа явагдсан бол алтан медалийн төлөө баараггүй барилдах байсан биз ээ. Харин манай М.Уранцэцэг Косовогийн Красникид вазари үнэлгээгээр ялагдсан билээ.
Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Португалын Костатай барилдах боллоо. Костаг өмнө нь хоёр ялж байсан ч хагас шигшээд ялагдсан шокноосоо гарсан эсэхээс олон зүйл шалтгаална. Цуглуулгадаа дутуу байгаа олимпын медалиа авахад Урнаа тун ойрхон ирээд байлаа.
Хүрэл медалийн төлөө барилдаан дуусахад 54 секунд дутуу байхад Урнаа өчиж ялснаар олимпын хүрэл медалийн эзэн боллоо. Гурав дахь олимпдоо оролцож, анхны медалиа хүртлээ.