Манай улс 2016 онд бог малын мялзан өвчний 15 сая тун вакциныг ОХУ-ын “Бүх холбоотын мал, эмнэлгийн холбоо”-ны үйлдвэрээс 337.500 доллар /нэг тун 0.0225/ худалдан авч байжээ. Үүнээс хойш 2017-2020 онд нийт дөрвөн удаагийн худалдан авалтаар Энэтхэг улсын нэр бүхий хувийн үйлдвэрээс мялзан өвчний нэг тун вакциныг 0.093 доллароор шууд гэрээ байгуулан худалдан авсан байна.
Уг үнийн дүн нь бусад улсынхтай харьцуулбал хэд дахин өндөр бөгөөд вакцин худалдан авалтын цаана мөнгө угаалт, авлига хээл хахуулийн асуудал бий эсэхийг АТГ-ын мөрдөх хэсгээс шалгаж эхэлжээ.
Тус хэрэгт холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын Вакцины худалдан авах үнэлгээний хороог даргалж байсан тус газрын дарга асан Ц, хэлтсийн дарга Т, мэргэжилтэн Б, ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалтын захиргааны дарга Т нарыг шалгаж байгаа аж.
Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж вакциныг хэт өндөр үнээр худалдан авах боломжийг бий болгосон гэж сэжиглэн шалгаж байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газар нь уг худалдан авалтыг баталсан ба Энэтхэг улсын компанийг зуучилж холбосон хүн нь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн малын эмч Б гэгч аж.
Б нь хувьдаа малын эм, тарианы бизнестэй бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагчаар ажилладаг төрсөн дүү Т гэгч болон оюутан охин, хүргэнийхээ дансаар Мал эмнэлгийн ерөнхий газраас төлбөрт шилжүүлсэн мөнгөний 50 хувь орчим дүнтэй тэнцэх 500 мянган ам.долларыг 2018-2020 онд Энэтхэгийн үйлдвэрээс хүлээн авч тус худалдан авалтад оролцсон төрийн албан хаагчдад авлига хэлбэрээр өгсөн байх магадлалтай гэнэ. Мөн үнэтэй хаус, орон сууц худалдан авах байдлаар мөнгө угаасан байз болзошгүй аж. Уг хэргийг АТГ-аас шалгаж байна.