Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эм хангамжийн томоохон сүлжээ бүхий эмийн сангуудтай хамтарч ажиллахаар боллоо.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж өнөөдөр эмийн сангуудын удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичигт заасны дагуу гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед болон бусад болзошгүй гамшгийн үед хэрэглэх вирусын эсрэг эмийг нэмж захиалах, нөөц бүрдүүлэх, сүлжээ эмийн сан болон бусад нийтийн үйлчилгээтэй эмийн сангаар түгээх арга хэмжээ авах, эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, жор баригч нар эмийн сангаар үйлчлүүлж буй иргэдэд эмийн талаар зөв мэдээлэл хүргэх, вирусын эсрэг эмийн нөөцийн мэдээллийг НЭМГ-т 14 хоног бүрд ирүүлж байх, 24 цагаар үйлчлэх эмийн сангуудыг нэмэгдүүлэх чиглэлээр дээрх эм хангамжийн байгууллагууд ажиллана.
Түүнчлэн НЭМГ-аас коронавируст халдвар (Ковид-19)-ын үед хэрэглэдэг вирусын эсрэг эмийн талаар эмийн сангийн эрхлэгч, эм зүйч, жор баригч нарыг ажлын байранд нь сургах, мэдээ мэдээллээр хангах, эм хангамжийн байгууллагад хамтын ажиллагааны зорилтыг биелүүлэхэд тулгарч буй асуудлыг холбогдох байгууллагад уламжлан мэдэгдэх, цахим уулзалтыг зохион байгуулж санал, мэдээллээ солилцох тал дээр хамтран ажиллана гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.