Ардын намынхан ялалтандаа бялуурч, эрх мэдэлдээ ташуурч, эрээ цээрээ алдсан томилгоог ээлж дараагүй хийж байгааг хөндлөнгөөс харж суугаа Ардчилсан намынхан түгшиж байна. Учир нь Ардын намын томчууд хөшигний ард ширээ тойрон сууцгааж, АН-ын лидерүүдийш ээлж дараалан \”намнах” тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл тараад байна. \”Эрдэнэс Таван толгой\” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Т.Батсуурийг АТГ шалгаж, ЗГХЭГ-ын дарга асан Дэнзэнг хорьж, дэд сайд асан Д.Доржпүрэвийг \”Ганц худаг” руу ачиж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг баривчилснаар эхэлсэн дуулиант хэргүүд одоо томчуудаар үргэлжилж байна.
Ардчиллын алтан хараацай гэж өргөмжлөгддөг Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт татаж, Н.Алтанхуягийн залуухан эхнэрээр оролдон хилээр гарах эрхийг нь хаасан. Тэгвэл дараагийн хүн нь Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав болж байгаа гэнэ. Уг нь Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа ямар нэг хэрэгт холбоогүй гэдгээ баталж, нотлож, өөрөө өөрийгөө АТГ-т шалгуулах өргөдөл хүртэл бичсэн.
Гэвч Д.Дорлигжавыг ямар нэг шавар шавхайтай хутгах сонирхол манай улс төрчдөд их байгаа бололтой. Өчигдөрхөн МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тун ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрээр \”Үнэмлэхүй ялалт авсан хуйвалдааны бүлэглэл ард түмэндээ амласнаасаа буцаж төрийн бүхий л салбарт эрх мэдлээ тогтоохоор мэрийж байна. Монголчуудын 26 жилийн турш тэмцэж босгосон ардчилал нуран унаж байна.
Хуйвалдааны төр иргэдээ алагчилж баялаг бүтээгчдээ дээрэмдэж, хуулийн байгууллагуудыг ил тодоор энэ бүхний эсрэг ашиглаж байна” хэмээн мэдэгдсэн нь ч учиртай аж. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-ын лидерүүдийг намнах захиалгыг Н.Алтанхуяг эсэргүүцэж, дээрх мэдэгдлийг хийжээ.