Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа алдаж хохирсон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Г.Эрдэнэбилэг “2014 оны зургаадугаар сарын 4-нөөс хойш би орох оронгүй, хэдэн хүүхдээ аваад явж байна. Тухайн үед Их Өргөө компанитай гэрээ хийчхээд орон сууцтай болно гээд долоон жил айлаас айл дамжиж, түрээсийн байр хэсэж явна. Нийт 184 айлыг хохироосон. Тэдний нэг нь би байна.
Э.Бат-Үүл хүүтэйгээ нийлж олон айлын газрыг чөлөөлж хохироочхоод одоо ямар нүүрээрээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гээд явж байгаа юм бэ. Долоон жил шүүх цагдаагаар явж, үнэхээр цөхрөнгөө барлаа. Энэ асуудлыг хурдан шийдэж өгөхгүй бол би эсэргүүцлээ илэрхийлж, Сонгинохайрхан дүүргийн сонгогчдод булайг нь дэлгэнэ. Болохгүй бол өлсгөлөн зарлана” гэв.
Иргэдийн төлөөлөл “Би БЗД-ийн 12 дугаар хорооны иргэн болох ах Отгонбаярыгаа төлөөлж ирсэн. Ах маань харваад хэвтэрт орчихсон. Найман жилийн өмнө газар чөлөөлөх гэрээ хийгээд Гранд Лайн ХХК-д газраа эзэмшүүлэхээр болсон.
Гэтэл өдийг хүртэл байшин ч үгүй, байр ч үгүй, хашаа ч үгүй явж байна. Гранд Лайн компанийн захирал нь Чулуудай буюу Э.Бат-Үүлийн хүү юм билээ. 2020 онд гуравдугаар шатны шүүхээр тус компани иргэдийг хохироосон нь үнэн зөв болохыг тогтоосон байхад өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулаагүй. 12 дугаар хорооноос 48 өрх өнөөдөр орох оронгүй явж байна. Хариуцлагаа хүлээ. Ингэж ард иргэдийг хохироож, улс төрийн наймаа хийдгээ болимоор байна. Болохгүй бол суулт зарлана” гэв.