Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтын тендерийг арваннэгдүгээр сарын 16-аас эхлэн зарладаг болох өөрчлөлт хийхээр болжээ. Ингээд ирэх оны нэгдүгээр улиралд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж дууссан байх юм.
Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас тогтоол оруулан батлуулах юм байна.
Өмнө нь он гараад тендер зарлаж, бүтээн байгуулалтын үед сонгон шалгаруулалт дуусдаг байснаас дулааны улиралд ажил хийж чаддаггүй, бүтээн байгуулалтын гүйцэтгэл хангалтгүй байдаг байсан. Тиймээс ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталсны маргааш нь л тендер зарладаг байх юм. Ингэснээр дулааны улирлыг ашиглан бүтээн байгуулалт хийх боломжийг бүрдүүлнэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.
Тэрээр “Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ямар гарах бол гэж санаа зовж байгаа. Тиймээс бид өнөөдөр төлөвлөлтөөсөө эхэлж байгаа. Төсвийн хуулийн зохицуулалтаар өнгөрсөн жилээс эхлээд арваннэгдүгээр сарын 15-нд Төсвийн хуулийг баталдаг. Арваннэгдүгээр сарын 16-аас тендер зарлаж болдог болж байгаа. Тэгэхээр ирэх жилийн гүйцэтгэл нэмэгдэнэ. Тендерийн бэлтгэл ажлыг одооноос хийх ёстой. Дараагийн долоо хоногийн Засгийн газрын хуралд Засгийн газрын тогтоол санаачилж оруулна. Бүх төсвийн ерөнхийлөн захирагч нар худалдан авах ажиллагаагаа арваннэгдүгээр сарын 16-аас эхэлж ирэх оны нэгдүгээр улиралд сонгон шалгаруулалт дууссан байх ёстой. Ингэж байж гүйцэтгэл өндөр гарна. Ялангуяа зургийн ажлууд байдаг. Энэ жил зургаа Барилга хот байгуулалтын сайд дээр тавьчихаад тэр зураг нь наймдугаар сарын 1-ээс өмнө гараад дараа оныхоо хөрөнгө оруулалтад ашигладаг” гэлээ.