Цар тахал гарснаас хойш Засгийн газар, Улсын онцгой комиссоос дөрвөн удаа хатуу хөл хорио тогтоосон. Энэ арга хэмжээ нь тодорхой хугацаанд хүн ам, газар нутгийг хамарч халдварт өвчин тархахаас сэргийлэх, халдварыг анх гарсан голомтод нь барих, хяналтад авахад чиглэдэг.
Эхлээд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хөл хорих арга хэмжээг авч байв. Хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон.
Түүнээс хойш хөл хорионоос зайлсхийж ирсэн. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан “…Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал” хэмээн Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн.
Ер нь бол Засгийн газрын зүгээс вакцинжуулалт дээр нэлээд анхаарч, өнгөрсөн зуныг хөл хориогүй өнгөрөөгөөд, есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийг танхимаар хичээллүүлж эхлүүлсэн.
Тэгвэл уржигдар болж өнгөрсөн Засгийн газрын хуралдаан дээр хөл хорионы асуудал яригджээ. Учир нь АН-ын зүгээс өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар зар тараагаад байгаатай холбоотой ажээ.
Эх сурвалжийн мэдээллээр Засгийн газрын гишүүд “…Эдийн засгийг сэргээх тодорхой арга хэмжээ авч, үйлдвэрлэл, үйлчилгээг үе шаттай нээж, энгийн амьдрал руу шилжих алхмыг хийж байгаа. Ийм үед АН улс төрийн зорилготой хавтгайрсан жагсаал зохион байгуулж нийгэмд тогтворгүй байдал үүсгэхүйц нөхцөл үүсвэл хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй” гэсэн байр суурь дээр нэгджээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн жагсаал хавтгайрвал “хөл хорьж” болзошгүй юм байна.