“No double standard” хөдөлгөөнийг зохион байгуулсан Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилчилж, Э.Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан бол Д.Монголхүүг өчигдөр шүүхийн шийдвэрээр сулласан. Эдгээр иргэдийг ямар шалтгаанаар саатуулсан талаар ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд “Иргэн Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд төрийн онцгой обьект буюу цагдан хорих 461-р анги руу халдан Д.Монголхүүг авч явсан. Тэдний энэ үйлдэл хэрээс хэтэрсэн” гэсэн юм.
Тэгвэл цагдан хорих 461 дүгээр ангид байсан иргэнийг авч гарсан нь асуудал дагуулж байна. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байрнаас иргэн Д.Монголхүүг хүчээр авч явсан асуудал байхгүй. Иргэд шалган нэвтрүүлэх байранд эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан. Энэ талаар Цагдаагийн байгууллагад манай байгууллага мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Монголхүүг саатуулахаар авч явсан. Ингэхдээ 461 дүгээр хорих ангийн онцгой обьектын хэсэгт оруулаагүй байжээ. Харин жижүүрийн цаахна шалган нэвтрүүлэхэд байхад нь иргэд дайрч орж ирэн, хүчээр авч гарчээ. Цагдан хорихын онцгой обьект нь хатуу чанга харуул хамгаалалт дор байдаг аж.