УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн нүүр хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Тус хуулийг өргөн барьсан гишүүдийн нэг нь Д.Өнөрболор юм. Үүнд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох агуулга туссан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Өнөрболор “Энэ хуулийн төслийг боловсруулах явцад санаачлагч гишүүдийн саналыг нэгтгэх нэг ч удаагийн хурал болоогүй. Тэр бүү хэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байгааг нь ч би мэдээгүй. Тус хуулийн төсөлд миний санал, санаачилга огт тусаагүй.
Ийм байхад тус хуулийг өргөн барьсан Х.Ганхуяг гишүүний санаатай үйлдэл гэж хардаж байна. Энэ хариуцлагагүй үйлдэлдээ тайлбар хийгээрэй. Огт оролцоогүй хуулийн төслөөс болж иргэдийнхээ өмнө үндэстний дайсан болж байгаадаа харамсаж байна.
Цаашид энэ хуулийг засаж залруулахын төлөө, шаардлагатай бол буцаан татах санал гаргаж хүртэл ажиллана гэдгээ үүгээр мэдэгдье” гэлээ.