Жагсаал, суулт зарлахдаа учиртай баймаар байна аа. Наад замыг чинь алтайчууд туулаад гарсан, одоо ус голтойгоо, нуур цөөрөмтэйгээ, цахилгаан станцтайгаа, Алтай болон Завханы арваад сумыг хангаад, 11 Мвт цахилгаан үйлдвэрлээд сууж байна.
Монгол инженерүүдийн гар бие оролцсон үйл юм шүү. Одоо үйл ажиллагаагаа эхлээд 13 дахь жилтэйгээ золгож байна. Анхандаа олонх нь ам муутай, хүрлийтэл хөмсгөө атируулаад хүүр гэж хараагаад л адладаг байсан.
Эхэндээ бүтээн байгуулалтын ажил өрнөж байхад энэ гол тасарлаа, тэр нуур ширгэлээ, нутаг нутаг биш боллоо гээд л нулимсаа урсгасан нь ч бий.
Цахилгаан станц баригдсаны дараа Гэгээн нуур хэмээх гайхамшигтай сайхан байгалийн үзэсгэлэн бүрдэж, хүний хүч чадлыг гайхуулсан тогтоцтой болсон. Эрээн нуур ширгэлээ гээд эмтэрсэн нь ч олон. Гэтэл одоо Эрээн нуур маань ч урьдын адил халгиж байна, усаа бялхан цалгиж байна. Хол, ойрынхон Тайширын усан цахилгаан станцыг үзэх гэж, 208 метрийн өндрөөс унаж, унах явцдаа цахилгаан үйлдвэрлэж байгаа тэр гайхамшгийг харах гэж хөлхдөг болсон.
Эрдэнэбүрэнд баригдах усан цахилгаан станцыг эсэргүүцээд байгаа хүмүүсийг нутаг орны удирдлагууд нь зохион байгуулаад Говь- Алтайн Тайшир, Завхан гол, Гэгээн нуур, Эрээн нуураар нэг аялуулаатахмаар байна. Энд хэмхэлдэж сууснаас тэнд юу бий болсныг хараг л дээ. Одоо Гэгээн нуур байгаа газар мод бут, жимс бэлчээр гээд голын эрэг л юм чинь сайхан л нутаг байсан.
Тэглээ гээд мод бутаа тэврээд цахилгаангүй, өөхөн дэнгээ тойроод өөвийгөөд суугаад байх юм уу? Тог цахилгаантай болчихвол товхийтэл жижиг дунд үйлдвэрлэл өндийгөөд ирнэ дээ. Энэ Эрчим хүчний яам нь ийм байдлаар ухуулан таниулах ажил хийхэд ч яадаг юм? Уугуул нутгийн удирдлагууд нь таниулж сурталчлах учиртай байтал тасхийтэл ширээ алгадаж тачигнаад, хүн үргээж хүүхэд цочоодог хадны мангаагийн дүрд харайж очиж тоглоод, хэдэн малчнаа айлгаад, хэлхэлдүүлээд талбайд суулгах хөшүүрэг болоод байх юм. Болж байгаа юм уу, хаа хаанаа ажлаа аятайхан хийгээд өг л дөө.
Бэлчээрээ алдах гээд байгаа малчдад бэлчээр нутаг зуслан намаржааг нь зохицуулаад өгөх боломжтой гэж бодогдох юм. Урагшилмаар л байна шүү, ус нутгаа ашиглаж болох, амьдралдаа нааж болох хамгийн эерэг хувилбар бол усан цахилгаан станц гэдгийг очоод хараарай, олзуурхаад буцаарай даа.
ЭМҮЖИН