Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн зарим салбарынхны үйл ажиллагааг хязгаарлагдмал байдлаар нээн ажиллуулж байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, нийт суудлын 50 хүртэл хувийн дүүргэлттэй байхаар уг гэрээнд заасан.
Гэвч энэхүү гэрээг зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулахын дээр зарим караоке, баарууд нууцаар үйл ажиллагаа явуулсаар байгаа зөрчил илэрчээ.
Нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж буй караоке, баарууд болон шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.