Цар тахлын улмаас гадаад ертөнцөөс таслагдаад байсан Австрали улс өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн хилээ нээж байна.
Сүүлийн бараг 20 сарын хугацаанд тус улсын хил хаалттай байсан юм. Ингэснээр Австралийн иргэд гадаадад чөлөөтэй аялах боломжтой болж, хамгийн том хоёр хот болох Сидней, Мельбурн вакцинжуулалтад хамрагдсан иргэдээ гадаадаас ирэхэд нь тусгаарлалгүйгээр хүлээж авч эхэлжээ.
2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Австрали улс тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан нь дэлхийн улс орнуудын дотроос цар тахлын эсрэг авсан хамгийн хатуу хариу арга хэмжээнүүдийн нэг байв.
Өнгөрсөн хугацаанд эх орондоо ирэхийн тулд их хэмжээний мөнгө төлөх, ирмэгцээ 14 хоног зочид буудалд тусгаарлагдах журам үйлчилж байсны улмаас олон арван мянган Австраличууд гадаадад гацаад байжээ.
Гэхдээ өнөөдөр вакцинжуулалтын явц удаан байгаа Австралийн хоёр муж болох Баруун Австрали, Күинслэнд мужууд хөл хорионы хатуу дэглэмээ үргэлжлүүлж, гаднаас ирсэн хүн бүрийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлах журамтай хэвээр үлдэж байна.
Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон “Өнөөдөр бол Австралийн хувьд маш чухал өдөр” гэж Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Тус улсын томоохон нисэх буудлууд өнөөдөр олон сарын дараа ах дүүс, үр хүүхдүүдтэйгээ уулзалдаж, баярын нулимс унагасан иргэдээр дүүрсэн байна.
Эх сурвалж: AFP