ОХУ-д хоногт шинээр бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо тасралтгүй нэмэгдсээр 39 мянга болов. Тус улсын Засгийн газраас халдварын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрөгч аравдугаар сарын 30-наас энэ сарын 7-ныг хүртэл “Бүх нийтийн амралт” зарласан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй.
Хэдийгээр Москва, Санкт-Петербург хотуудад халдварын тохиолдол 30 орчим хувиар буурсан ч Татарстан, Крым, Самара зэрэг 10 гаруй бүс нутагт 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Брянск, Томск, Смоленкс, Курск, Новгород мужууд амралтын өдрүүдийг энэ сарын 10-15 хүртэл сунгахаар болжээ.
Түүнчлэн манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн байна. Өвөрбайгалийн хязгаарт хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 370, Буриадын БНУ-д 200 гаруй болсон бол Эрхүү мужид 530 болж, нас баралт нэмэгджээ. Вакцин хийлгэх иргэдийн идэвх хангалтгүй хэвээр бөгөөд халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвдөнө, өөрөө мэдэхгүй шинж тэмдэггүйгээр өвдөөд эдгэрсэн гэх зэргээр вакцины үр нөлөөг үгүйсгэсэн хэвээр байгаа аж.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрхүү мужид сурагчдын амралтыг энэ сарын 14-нийг хүртэл сунгасан бол Өвөрбайгалийн хязгаарт үзвэр, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд энэ сарын 12 хүртэл насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй гэсэн шийдвэр гарчээ.