Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечиски, Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын атташе Тимоти Рийд, Худалдааны ахлах мэргэжилтэн Майкл Д.Ричмонд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тэргүүн комиссар З.Дашдаваа байгууллагын болон Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс авлигын эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын авлигын эсрэг хүчин чармайлтад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Ялангуяа өнгөрсөн онд Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Хууль зүйн яам, Вашингтон мужийн Ерөнхий прокурорын алба болон Холбооны мөрдөх товчоо хоорондын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсаас хууль бусаар тус улс руу гарсан авлигын гэмт хэргийн хөрөнгийг хураан авч, буцаан авчирсныг онцлов.
Элчин сайд Клечески Авлигатай тэмцэх газрын авч хэрэгжүүлж буй ажлуудыг өндрөөр үнэлж, авлигын эсрэг бодлого боловсруулах, харилцан мэдээлэл солилцох, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Тэрээр хоёр улсын хамтын ажиллагаа нь энхийг сахиулах, эдийн засаг, иргэд хоорондын гэх гурван тулгуурт байснаас сүүлийн жилүүдэд хууль сахиулах чиглэл нэмэгдэж, дөрвөн тулгуурт болж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.
АНУ-ын Төрийн департмент болон Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага нь тус байгууллагатай хамтран 36 сарын хугацаанд “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлэх гэж байна.