Коронавирусийн шинэ хувилбар Омикрон дэлхийн 10 улсад голомтлон тархаж буй бөгөөд тэдгээр улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан.
Үүний тулд 14 тусгаарлан ажиглах байранд 1,377 хүнийг хүлээн авах бэлтгэл хангасан талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Тэрбээр “Улсын Онцгой комисс арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж, хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгсөн. Мөн хилийн хяналтын цэгүүдэд шинжилгээ авахаар зохион байгуулалтыг хийгээд байна.
Гадаад улсаас Монголд ирж буй хүмүүст сүүлийн 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний “Сөрөг” хариутай байх шаардлага хэвээрээ. Мөн хилийн боомтоор орж ирсэн үед нь түргэвчилсэн болон PCR шинжилгээг авах юм.
Нэмж хэлэхэд, Омикрон хувилбар зөвхөн голомтлон тархаж буй 10 улсаас ирж байгаа иргэдийг л 10 хоног тусгаарлана. Харин бусад улсаас ирж буй иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлнэ. Омикрон хувилбар зөөвөрлөгдсөн болон голомтлон тархаж буй улсуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудсаас авах боломжтой” гэлээ.
Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд “КОВИД-19 халдварын шинэ хувилбар өнөөдрийн байдлаар 18 улсад бүртгэгдлээ. Африкийн улс орнууд, Израиль, Бельгид халдвар голомтлон гарч байгаа бол бусад оронд зөөвөрлөгдөж очсон тохиолдол бүртгэгдээд байгаа” хэмээн мэдээлсэн юм.
Омикрон хувилбар голомтлон тархаж буй улс:
ӨАБНУ,
Ботсвани
Ангол
Эсватини
Лесото
Намиби
Замби
Малави
Мозамбик
Зимбабве