“Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 141 тэрбум төгрөг.
Тус компани “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд зээл авсан ч дөрөв дэх жилдээ төслийн гүйцэтгэлийн хувь дөнгөж 10 хувьтай байна. Төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул компаниас зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын баримт материалыг удаа дараа шаардсан ч ирүүлээгүй тул зээлийг зориулалтын бусаар ашигласан байх магадлалтай байгаа юм. Уг асуудлаар Д.Баясгаланг хуулийн байгууллага шалгаж байна.
Үүний дээр Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийг өөрийн банкаар угаасан байх, зээл авахдаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай гэж шалгаж байгаа юм байна.
Хөгжлийн банкинд хийсэн аудит болон ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийг зориулалтын бусаар ашигласан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, зураг төсөл нь ч гараагүй төсөлд зээл олгосон зэрэг олон ноцтой баримтуудыг дурдсан байдаг. Энэ нь Хөгжлийн банкнаас олгосон зээл бүрийг шалгах ёстойг сануулж байна.
Сүүлийн мэдээллээр Хөгжлийн банкнаас зарласан 66 зээлдэгчийн материалд АТГ шалгалт хийж, зээл олголт болон зээлийн зарцуулалтыг судалж ажиллаж байгаа юм.