Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Тус холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй Монгол” аяныг бид дэмжиж ажиллана. 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 208 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Согтуурахтай холбоотой 521 дуудлага ирсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн 122 зөрчил бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлагын 30 хувь нь архидалттай холбоотой байна. 2021 он 533 хүн архинд хордож нас барсан. Нэг жилд дунджаар 70-80 мянган хүн эрүүлжүүлэхэд хонодог гэсэн судалгаа байгаа. Архийг ажилгүйдэл, стрессээс болж хэрэглэж байна гэж сошиал орчинд бичиж байна. Яг юунаас болж байгааг бид судална.
Тамхины хайрцаг дээр хор нөлөөг нь бичдэг хэрнээ архины шилэн дээр шүтдэг уул, ус, хаад ноёдынхоо зургийг тавьдаг. Үүнийг өөрчлөхөөс ажлаа эхэлье гэдэг санаачилга гаргаж байна. Хуулийн хүрээнд юмуу ямар хэмжээнд өөрчлөлт орох талаар холбогдох газруудад саналаа хүргүүлж ажиллана.
Архины шилэн дээр хор хөнөөлийг нь ухуулан таниулсан үг, зураг байх ёстой” гэлээ.