Менингококкийн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл гарсны дараа ХӨСҮТ-д тухайн халдварын эсрэг вакциныг хүүхдэдээ хийлгэх хүсэлтэй иргэд ихээхэн ачаалал үүсгээд байгаа юм.
Иймд вакцины цэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос сэтгүүлчид тодрууллаа.
Хариуд нь тэрбээр “Менингококкийн халдвар жил бүр гардаг. Сүүлийн таван жилийн дунджаас харвал жилд 10 орчим тохиолдол гарч байна. Нэг тохиолдлыг нэг дэгдэлт гэж үздэг.
Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэг айлын хоёр хүүхэд өвдсөн. Харамсалтай нь нэг хүүхэд амиа алдсан, нэг хүүхдийн биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байна.
Халдвар гарсан тухайн бүсэд вакцин хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор ХӨСҮТ-д вакцин хийж байгаа. Үүнийг өргөн хүрээнд хийдэггүй. Тодорхой тандалтад хязгаарлаж хийнэ. Вакциныг өмнөх жилүүдийн нөхцөл байдалтай уялдуулан захиалж авдаг тул цэгийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэлээ.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.