Монголын Үндэсний Олимпын Хорооны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд үргэлжилж байна.
Дөнгөж сая Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөлөө.
Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн.
Ингэснээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөв.
Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.
Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Ингэснээр Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, Монголын Үндэсний Олимпын Хорооны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.