Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Мэдээллийн үеэр сэтгүүлчид санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү гэдэг асуултыг тавив.
Уг асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны захиралд хүнд байна.
Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.
Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэв.